Хүн, мал, амьтны бэтэг өвчин

Өвчний нэр: Эхинококкоз

Мал, амьтны бэтэг нь нохой, чоно, үнэг зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг Echinococcus төрлийн туузан хорхойн авгалдайгаар үүсдэг уулинхайтах өвчин. Neglected Disease-Анзаарагддаггүй өвчин.

Мал, амьтны бэтэг өвчинтэй тэмцэхдээ өвчин үүсгэгчийн жинхэнэ болон завсрын эзэнд халдварлалтын байдал, харилцан хамаарал гэх мэт арга хэмжээг цогцоор нь шийдвэрлэх нь чухал.

Тархалт:                   

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бараг бүх оронд тархсан. Дэлхийн дулааралтай холбоотойгоор өвчний эрчимжил нэмэгдэх хандлагатай байна. ДЭМБ-ын /2005/ мэдээгээр тениоз, эхинококкозоор жилд 50 сая хүн өвчилж байна.

Төв Азийн орнуудад (баруун хойт Хятад) эндемик хэлбэрээр Монголд харьцангуй цөөн тохиолдож буйг ДЭМБ-ын халдварт өвчний мэдээнд дурьдсан.

Үүсгэгч:                    

Taeniidae овгийн E.granulosus, E.сanadensis, E.multilocularis,E.oligarthrus, E. vogeli, E.shiquicus

Жинхэнэ эзэн: 

Чоно, нохой зэрэг махчин амьтад

Завсрын эзэн:          

Мал, амьтан, хүн

Морфологи: 

Эхинококкийн бие гүйцсэн хорхой нь чоно, нохой болон бусад махчин амьтдын (жинхэнэ эзэн) нарийн гэдсэнд шимэгчлэгчилдэг. Дунджаар 3-4 үеэс тогтсон 2-7мм урттай, толгой дээрээ соруулаас гадна 2 эгнээ гох дэгээтэй.

Толгойн араас хүзүү, дараа нь хос бэлэгтэй үе залгах бөгөөд үений бэлгийн сүвүүд тэдгээрийн баруун, зүүн талд байрладаг. Хорхойн их биеийн сүүлчийн үеийг төгсгөлийн бие гүйцсэн үе гэх бөгөөд хөгжсөн онкосфертэй 5000 орчим өндөг агуулсан байдаг.

Үүсгэгчийн биологи:                   

Уулинхайт бэтэг (CE) нь E. granulosus зүйлээр ихэвчлэн үүсдэг бөгөөд нэг том уулинхай үүсгэдэг. Гэрийн тэжээвэр нохойгоор дамждаг циклтэй голдуу мал, хүн завсрын эзэн нь болдог.

Цулцант бэтэг (AE) нь E. multilocularis зүйлээр үүсдэг нэг том гэр хальс дотор жижиг олон охин уулинхай үүсгэдэг. Чоно, үнэг зэрэг зэрлэг махчидаар дамждаг циклтэй, мэрэгчид болон хүн завсрын эзэн нь болдог.

Бэтгээр хонь, ямаа, үхэр, тэмээ, буга, адуу, гахай, илжиг зэрэг олон төрлийн сүүн тэжээлтэн амьтад (завсрын эзэд)-аас гадна хүн өвчилнө. Манай орны нөхцөлд бог мал, тэмээнд элбэг тохиолддог.

Нохой болон бусад махчдын баастай хамт гадагшилсан, өндгөөр дүүрсэн эхинококкийн эцсийн үеийг завсрын эзэд өвс, тэжээл, устай хамт залгихад түүний авгалдай гэдэсний ханаар ярган элэг, уушги зэрэг цуллаг эрхтнүүдэд шимэгчилнэ.

Нохой бусад махчин амьтад эхинококкозтой малын эд эрхтэнг идэх үед халдварладаг. Нохойн нарийн гэдсэнд орсон протосколексоос маш олон тооны жижиг туузан хэлбэр бүхий хорхой үүсч хөгждөг.

Тэсвэрт чанар:        

Эхинококкийн өндөг гадаад орчинд маш тэсвэртэй  -18°С-д 240 хоног, -27°С-д 54 хоног хүртэл амьд байдаг. Мөн +4°С-ийн усанд 16 сар хүртэл амьдрах чадвартай. Эхинококкийн өндгийг 0°С-д 116 хоногийн турш үхэлгүй хадгалагдаж байжээ.

А.Ф.Носикийн судалгаагаар (1950,1951) сүүдэртэй газрын хөрсөн дээр 10-26°C-д 1 сарын турш, өвсөн дотор 2-20°С-д 6 сар хүртэл халдварлах чадвартай байсан, 50°С-ийн усанд 1 цаг, 60°С-д 10 минут, 100°С-д нэг секундын дараа тус тус үхэж байжээ.

Тасалгааны чийглэг 60-80%, температур 5-20°C байхад 10-12 сар, 18-50°С-ийн хуурай халуунд 1-2 хоног, тундерт үхээд цасанд булагдсан үнэгний сэгэнд хэдэн сарын турш халдварлах чадвартай байсан.

Эмнэл зүйн шинж тэмдэг:          

Уушгины бэтэгтэй бол ханиах, амьсгал нь хүндрэн хэржигнүүр  сонсогдох, элэгний бэтэгтэй бол тэжээл боловсруулалтын хямралт, хэвлийн хөндийд ус тогтох, дархлаа буурч, хоёрдогч халдвараар халдварлах, өвчинд өртөмтгий болох, өвс тэжээл үргүй зарцуулах зэргээр эдийн засаг, нийгмийн асар их хор нөлөөг учруулдаг.

Эмгэг бие бүтцийн хувирал:                   

Ихээр турж, эцсэн байхаас гадна үүсгэгчийн төрлийн онцлог, халдварын эрчимжлээс хамаарч, уулинхай байршин шимэгчилсэн сонгомол эд эрхтэнд өвөрмөц эмгэг хувирлууд  үүсдэг.

Оношилгоо:             

Эхинококкийн халдварыг тогтооход бааснаас үе, өндөг илрүүлэх, дурандах арга, өндөг илрүүлэх иммунофлуоресценцийн арга (Allan J.C, 1992), баасны эсрэг төрөгч илрүүлэх ФХЭБУ (Allan J.C, 1994), бааснаас эхинококкийн өндөг илрүүлэх ПГУ (Mathis S.A, 2002), бэтгээр өвчилсөн мал амьтан, хүний цусны ийлдэснээс эсрэг бие илрүүлэх ФХЭБУ, иммуноблот зэрэг урвалуудаар (Bowles J, 1994) лабораторийн болон хээрийн нөхцөлд туршин, үр дүнгээ судлаачид мэдээлсэн төдийгүй баасан дахь эсрэг бие илрүүлэх ФХЭБУ, өндөг илрүүлэх ПГУ нь Дэлхийн халдварт өвчний товчооны зөвлөмж стандартаар (WHO/OIE,2001) зөвшөөрөгдсөн байна.

Эмчилгээ:                 

Хүнд мэс заслын болон эмийн эмчилгээ хийнэ. Малд эмийн эмчилгээ болон мэс заслын эмчилгээ нь зардал өндөр байдаг тул бэтгийн халдвартай малыг заазлах бөгөөд нядлахад тухайн мал, амьтны эд эрхтэнд илэрсэн уулинхайг хагалахгүйгээр орчны эдийн хамт авч гүнзгий нүхэнд булах эсвэл шатааж устгахыг зөвлөнө.

Жинхэнэ эзэн болох гэрийн тэжээвэр нохойд Монгол улсын малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бромт устөрөгчийн ареколин (0,001-0,002 г/кг тун), фенасал (0,1 г/кг тун), лопатол (25-60 мг/кг тун), мебендазол (40 мг/кг тун), празиквантел (2,5-5 мг/кг тун) зэрэг бэлдмэлийг талх буюу маханд боож, үйлдвэрлэгчийн зааврын дагуу олгоно.

Улиралд дор хаяж нэг удаа туулгалтын бэлдмэл өгч хорхойгүйжүүлж байх хэрэгтэй бөгөөд гельминтийн халдвар авсан нь тохиолдолд эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх:                

a. Нийгмийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тодорхой тусгаж арга хэмжээ авах хэрэгтэй.

b. Мал нядалгааны газар нядлаж байгаа мал болон төв суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй малын мах, дайвар бүтээгдэхүүнд махны хяналтын журмын дагуу уулинхай илрүүлэх үзлэг, шинжилгээг тогтмол хийнэ.

c. Эрүүл мэндийн байгууллага, эмч нартай хамтран хүн, мал, амьтдын эхинококкийн халдварлалтын зураглалын дагуу хүн, малын бэтэг өвчинд хяналт тавьж, анхааруулга, сэрэмжлүүлэг хийнэ.

d. Нохой, муурыг бүс нутгийн хэмжээнд хорхойноос эмчлэн, сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулна.

i. Өвчний тархвар зүйн байдалд үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

f. Хүнсний зориулалтаар нядалж буй малын дотоод эрхтэнд үзлэг хийн уулинхай илэрсэн тохиолдолд малын эмчид мэдэгдэнуулинхайг булж эсвэл шатааж устгана. Мөннохой, муурыг малын эмчид үзүүлж, үзлэг шинжилгээнд байнга хамруулна.

j.Нохойг туулгасны дараа тогтсон газар уяатай байлгаж, баасыг цуглуулан устгах, төв, суурин газар тэдгээрийг сул явуулах, ил задгай шээлгэх, баалгахыг хориглох шаардлагатай.

Тэмцэх арга хэмжээ:                     

a. Бэтэг нь зооноз өвчин тул оношлогдсон тохиолдолд тэмцэх дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

b. Малын дайвар бүтээгдэхүүн эд эрхтэнд уулинхай илэрвэл дайвар бүтээгдэхүүнийг устгуулах, ариутган боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

c. Бэтэг оношлогдсон орон нутагт иргэдийг шинжилгээнд хамруулах арга хэмжээг хүн эмнэлэгтэй хамтран зохион байгуулах өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгнө.

d.Нохой, муурыг малын эмчид үзүүлж, үзлэг шинжилгээнд хамруулахад туузан хорхойн өндөг, үе хэсэг, хорхой илэрвэл хорхойгүйжүүлэх бэлдмэл өгнө.

Халдватгүйтгэлийн өвөрмөц арга хэмжээ: 

  1. Бэтгийн хорхойн өндөгөөр халдварлагдсан эд зүйлс болон бие гүйцсэн хорхойг – 80°С-д 5 хоног хөлдөөх, мөн +70°С-д 12 цаг халааж халдваргүйжүүлнэ. Халдвартай материалтай харьцахдаа нэг удаагийн бээлий, малгай, маск буюу хөдөлмөр хамгааллын хэрэгслийг заавал хэрэглэх. Эхинококкийн өндөгөөр халдварлагдсан эд зүйлсийн халдваргүйжүүлэлтэнд гипохлоридын (10%) уусмалыг хэрэглэж болно.Лабораторид хэрэглэсэн бохирлогдсон эд зүйлсийг автоклавдаж ариутгаж байх.
  2. Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Similar Posts